А.Отгончимэг: Үйлдвэрлэлд гэр аргыг нэвтрүүлж буй “БОРГОЦОЙ” брэнд

Дотооддоо баялаг бүтээгч хамт олон, хувь хүмүүсийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой БОССКЛУБ сайт “БИЗНЕС ЭМЭГТЭЙ” буландаа “БОРГОЦОЙ” хэмээх брэндийг онцолж байна.

Уг брэндийн гол онцлог нь гэрийн эзэгтэй нарын ажлыг хөнгөвчлөхөөс гадна, ГЭР АРГААР бэлтгэсэн ЭКО хүнсний бүтээгдэхүүн юм.

Завгүй гэрийн эзэгтэйн хамгийн том асуудлыг шийдвэрлэхийн сацуу амт чанартай, хамгийн гол нь хүнсний бүтээгдэхүүнд тавигдах стандартыг бүрэн хангасан брэнд ажээ. Ингээд үүсгэн байгуулагч А.Отгончимэгтэй хэсэг хугацаанд ярилцсан юм. Хүлээн авна уу.

БОССКЛУБ: Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Яриагаа “Боргоцой” брэндийн үүсгэн байгуулагч бүсгүйн танилцуулгаас эхлэх үү.

А.ОТГОНЧИМЭГ: Баярлалаа. Юун түрүүнд манай бүтээгдэхүүнүүдийг онцолж буй та бүхэнд талархъя. Намайг Отгончимэг гэдэг сэтгүүлч мэргэжилтэй, өөрийн “Start-Up” бизнес ээ эрхэлж буй жирийн л нэг эмэгтэй.

БОССКЛУБ: БОРГОЦОЙ брэндийг үүсгэн байгуулах сэдэл хэрхэн, хаанаас төрсөн бол?

А.ОТГОНЧИМЭГ: Миний хувьд хоёр ойрхон амаржиж, гэрийн эзэгтэйн үүрэгт ажлыг дөрвөн жил хийсэн. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн сацуу хэрхэн амттай хоол хийхыг маш сайн сурсан. Сайн эзэгтэй байх гэж хэрэндээ л хичээсэн. Өглөө, өдөр, орой бүр хүүхдүүддээ, нөхөртөө “юугаар, хэрхэн амт чанартай хоол бэлтгэн өгөх вэ” гэдэг бодол намайг шаналгаж эхэлсэн.

Ингээд охиноо нэг нас хүргээд ажилдаа орлоо. Орой ирээд дахиад л хоолны асуудал. Дэлгүүр гүйнэ. Өөхтэй хонины мах, муу махтай бууз банш. Би дэлгүүрээс зөвхөн идэхэд цэвэрхэн, хэрэглэхэд амар махны төрлийн бүтээгдэхүүн л хайдаг байв. Учир нь мах байхад хачир, амтыг бол хүссэнээрээ хялбар шийдэх боломжтой.

Энэ бүхний дараагаар “ер нь яагаад эрүүл цэвэрхэн, хэрэглэхэд хялбар хагас боловсруулсан хөлдөөсөн бүтээгдэхүүн байж болохгүй гэж” бодсон. Ингээд бидний идэх дуртай гол махан хоол болох котлет, бөөрөнхий мах, баншийг “hоme style” аргаар хийж эхэлсэн юм.

БОССКЛУБ: Нийт хичнээн төрлийн ЭКО хүнс үйлдвэрлэдэг вэ?

А.ОТГОНЧИМЭГ: Бид одоогоор таван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүнд:

АЛАГ БОРГОЦОЙ

Үхрийн махыг номер нэг гэж сонгосон. Харин котлетод ордог талх, крахмалын оронд эрүүл, ашигтай хүнс болох овьёосыг хольж амтат чинжүүгээр баяжуулсан юм. Далайн давснаас өөр амтлагчгүй. Хэмжээний хувьд нимгэн учир 5-10 минут л шарахад хангалттай. Хүүхэд идэхэд төвөггүй. Төрөл бүрийн төмс, шинэхэн ногоо, өндөг, талх, будаа бүх хачиртай төгс зохицдог.

ЦАГААН БОРГОЦОЙ

Спортоор хичээллэж байгаа болон хоолны дэглэм барьж буй хүмүүсийн номер нэг сонголт нь тахианы цээж мах. Үүнийг овьёосоор барьцалдуулж, цэцэгт байцаагаар баяжуулан далайн давсаар амталсан. Тиймээс өндөгний цагаан, жигнэсэн ногоо, ногооны салат, бүхэл үрийн талх, будаатай төгс зохицдог.

БӨӨРӨНХИЙ БОРГОЦОЙ

Бяцхан хүүхдүүд өөрт хэрэгтэй гурвалжин будаа, бууцаа зэргийг идэх дургүй байдаг. Харин үхрийн махыг гурвалжин будаа, бууцаатай хольж далайн давсаар амтлан бөөрөнхийлөхөд харин ч дуртай. Түүнчлэн өөрөөр нь нарийн ногоотой шөл хийх, дурын хачиртай шарах, жигнэх, өндөгтэй хамт хуурахад үнэхээр гоё.

БОР БАНШ

Үхрийн махыг лууван болон ногоон сонгиноор баяжуулж, гоньд далайн давсаар амталж, үүнийгээ бие махбодид нэн хэрэгцээт бүхэл үрийн гурилаар чимхдэг. Бор баншийг шарж болон жигнээд байцааны төрлийн салаттай хольж идэхэд илүү тохиромжтой.

ЦАГААН БАНШ

Үхрийн махыг мөн лууван ногоон сонгиноор баяжуулж далайн давс, гоньдоор амталж нэгдүгээр гурилаар чимхдэг. Банштай цай болон шарсан жигнэсэн банш, банштай хар шөл, банштай ногоотой шөл гэх мэт дурын хоолоо хийж болно.

БОССКЛУБ: “hоme style” арга гэхээр их сонин санагдаж байна. Та бүхний үйлдвэрлэж буй хүнсний бүтээгдэхүүний бусдаас давуу байх онцлог нь юу бол?

А.ОТГОНЧИМЭГ: “Home style” буюу гэрийн аргаар үйлдвэрлэх гэдэг нь шинэхэн түүхий эдээ авч дор бүрд нь бэлтгэж, нөөшлөгч бодис, элдэв амтлагч холилгүй, вакумжуулалт, элдэв гоё ганган хаяг чимэглэл хэрэглэлгүй цөөхөн тоогоор үйлдвэрлэх үйл явц юм. Үүгээрээ л онцлог. Худалдан аваад хэрэглэсэн тохиолдолд яг өөрөө хийгээд идэж байгаа мэт мэдрэмж, амт чанарыг өгөхөд оршдог гэсэн үг л дээ.

БОССКЛУБ: БОРГОЦОЙ брэнд цаашдын зорилго, зорилтоо хэрхэн харж байна?

А.ОТГОНЧИМЭГ: Мөрөөдлөө зорилго болгоод зүтгэхэд хүрэх газар хол юм шиг л санагдаж байна. Бид үйлчлүүлэгчидтэйгээ үргэлж харилцаатай байж, бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа үргэлж сайжруулахыг хичээсээр байна. Тун удахгүй хэрэглэгчдийн судалгаан дээр үндэслэн хоёр шинэ бүтээгдэхүүн гаргахаар хөдөлмөрлөн ажиллаж байна.

БОССКЛУБ: БОРГОЦОЙ хэмээх нэрийн учрыг тайлбарлавал?

А.ОТГОНЧИМЭГ: Ер нь бол маркетинг талаасаа нэг тийм эко, эрүүл, гоёмсог хэр нь өхөөрдөм нэр гэж бодсон. Түүнээс үүний цаана агуу санаа, зорилго бол байхгүй. Хамгийн гол нь Монгол нэр сонгохыг хүссэн. Мөн хүүхэд ч идэж болно гэсэн санааг агуулж байгаа юм.

БОССКЛУБ: Танай бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хаанаас худалдан авах боломжтой вэ?

А.ОТГОНЧИМЭГ: Хэрэглэгчиддээ ойртох үүднээс бүхий л цэгт хүргэхийг бид зорьж байна. Одоогоор Сансар, “Efes”, “Hanu” болон “Fresco” сүлжээ дэлгүүр болон “Jetro”, “Цэнгэлдэх”, “Хүнсний 50”, “Ub Mart” гэсэн дэлгүүрээр дамжуулан түгээж байна. Захиалгаар ч бид хүргэдэг. Тун удахгүй “Номин” супер маркет сүлжээ дэлгүүрээр түгээхээр төлөвлөж байна .

БОССКЛУБ: Ярилцлагын төгсгөлд нэгэн сайхан уриалга хэлэх үү?

А.ОТГОНЧИМЭГ: Үндэснийхээ стартапп-уудаа /Start-Up/ дэмжье. Бидний хийдэг гэрийн юм шиг, элдэв амтлагчгүй “цэвэрхэн” эрүүл бүтээгдэхүүнүүдийг маань ам дамжин олон хүмүүс худалдан авч, амтархан идэж, үнэт цаг хугацаа, эрүүл мэндээ хайрлаж байгаад бид маш их талархаж байна.